“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ -СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ” үндэсний II зөвлөгөөн боллоо


“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ -СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ” сэдэвт II зөвлөгөөнийг МУБИС БСШУСЯ-тай хамтран үндэсний хэмжээнд 2018 оны 1-р сарын 8, 9-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Эх орны өнцөг булан бүрээс нийслэл, орон нутгийн сургуулийн өмнөх боловсролын салбарын ажилтан албан хаагчид, тухайлбал цэцэрлэгийн багш, арга зүйч, эмч, эрхлэгч, орон нутаг, нийслэлийн Боловсрол соёлын газрын дарга, арга зүйчид, хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн төлөөлөл, эцэг эх, олон нийт, иргэний нийгмийн төлөөлөл, СӨБ-ийн үе үеийн ахмад багш нарын төлөөлөл, мэргэжлийн хяналтын байцаагч нар, хоол тэжээл, аюулгүй байдлын мэргэжилтнүүд, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Боловсролын хүрээлэн, БМДИ, Үнэлгээний төв, дүүргүүд, аймаг, нийслэлийн Нийгмийн бодлогын дарга нар зэрэг төр захиргааны байгууллагын төлөөлөл болсон 1000 гаруй мэргэжилтнүүд, багш нар, судлаачид хүрэлцэн ирж чуулан СӨБ-ын өнөөдөр тулгамдаж буй олон талт асуудлуудаар хэлэлцэж цаашид хийх ажил, арга хэмжээний талаар санал бодлоо хэлэлцэн зөвлөлдөв. Тус зөвлөгөөн нь “Багшийн хөгжил”, “Стандарт, агуулга”, “Хүүхдийн хөгжил”, “Гэр бүл-Хүүхдийн хөгжлийн орчин”, “Хоол тэжээл-Аюулгүй байдал”, “Хамтын ажиллагаа” гэсэн 6 чиглэлээр салбар хуралдаан зохион байгуулж, холбогдох илтгэлүүдээ хэлэлцэн, хэлэлцүүлэг зохион байгуулж, саналаа солилцон дэлгэрэнгүй ярилцлаа.  “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ -СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ” үндэсний II зөвлөгөөнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ”Тогтвортой хөгжил- Сургуулийн өмнөх боловсрол” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Зөвөлгөөнд оролцогчдын дүгнэснээр үр бүтээл, ач холбогдлоор өндөр арга хэмжээ боллоо хэмээн үнэлсэн зөвлөгөөн болж өндөрлөв. Онцлох нэгэн зүйл нь энэ өдрүүдэд салбарын сайд Ц.Цогзолмаа цаг гарган боловсролын салбарын суурь чухал салбар болсон Сургуулийн өмнөх боловсролын салбарын хамт олонтой хамт байж бэрхшээл, ололт амжилтыг хуваалцан санал бодлыг сонсож, хамтдаа хэлэлцэн зөвлөгөөний зөвлөмжийг гаргасан явдал байв. Ингээд хүний ургаас эхлээд 6 нас хүртэлх үе нь хүний бие бялдар, оюун санаа, нийгэмшихүйн хөгжлийн суурь тавигддаг, хүн төрх төлөвшдөг хамгийн чухал үе шат болох сургуулийн өмнөх боловсролыг олгодог тус салбарын нийт багш, ажилтан, албан хаагчид, эрдэмтэн судлаачиддаа ажлын өндөр амжилт хүсье.